Image

5 GRAPHIC DESIGN TRENDS FOR 2022

DESIGN ТRENDS 2022



BOLD MINIMALISM
 

Сүүлийн нэг жил эрчээ авч буй дизайны шийдэл бол энэхүү BOLD MINIMALISM. Нэг хэсэг уламжлалт дизайны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн өнгөний өвөрмөц тоглолт, шийдлүүд, онцгой фонт, бичиглэл, визуал эффектүүд газар авч байсан бол энэ удаа энгийн минимал дизайн эргэн ирж байна. Тод томруун, минимал шийдэл нь хүлээн авагчтай ямар ч төвөггүй шууд харилцаа үүсгэх хүчтэй байдаг ба ковидын дараах ертөнцөд хүмүүс илүү ойлгомжтой, танихад хялбар зүйлс хүсэж эхэлсэн цаг үеийн шаардлагаар BOLD MINIMALISM хэв маяг [MOU1] түгээмэл болж байна хэмээн мэргэжилтнүүд тайлбарлажээ. Поп буюу түгээмэл өнгө, ньютрал фонт мөн “gridded layout” буюу торлосон хэмжээс бүхий зохион байгуулалт ашигладаг нь нүдэнд хялбар, тав тухтай харагдаж, дизайны аргаар агуулгаа сайтар тодотгож өгөх шидтэй юм.



EXPRESSIVE AND EXPERIMENTAL LETTERING 

Энэ оны бас нэг трэнд бол үг үсгийн тод томруун, төвөггүй уншигдаж байх зарчмыг үгүйсгэсэн EXPRESSIVE буюу яруу уянгат, угалзарсан хэв маяг бүхий бичиглэл юм. Илүү урлаглаг, бичиж буй хүнээс ур чадвар шаардсан энэ бичиглэлийг мөн EXPERIMENTAL буюу туршилтын өнгө аястай хэмээн тодорхойлж байна. Хоорондоо зохицол муутай ч юм шиг үсгийн стилүүд, тодорхой хэлбэр дүрсгүй, барьцгүй шийдэл нь абстракт дүрсээр хүлээн авагчийн сэтгэлд хүрсэн текст бүтээх нэгэн төрлийн сорил болж буй. Мөн энэ төрлийн бичиглэлийг ашигласнаар аливаа хэлний онцлогт баригдан дизайн бүтээдэг уламжлалт хандлагаас чөлөөлөгдөх боломжтой тул илүү чөлөөтэй сэтгэгчдэд тохиромжтой юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар график дизайны чиг хандлага цаашид ийм урлаглаг дүр байдал руу чиглэн явсаар байх аж.  




MAXIMALIST COLOUR PALETTES

Өнгөний схемийн хувьд график ертөнц минималаас максимал руу шилжиж байна. Олон өнгө бүхий палетыг хүмүүс таашааж, тодорхой өнгөнүүдийн хольцноос градиент гаргаж бусад цулгуй өнгөтэй хоршуулсныг илүү сонирхолтойд тооцож байна. Градиент өнгөнүүд график дизайнд энэ оны турш ноёрхох болно гэж дизайнерууд санал нэгтэй хэлж буй юм. Мөн цар тахал гарснаас хойш график дизайнд улбар шар өнгө хүчтэй түрэн орж ирсэн. Энэ нь ирээдүй илүү гэрэл гэгээтэй байх итгэл найдварын бэлгэдэл бөгөөд 2022 онд флюресцент улбар шар трэнд өнгүүдийн нэг байх болно гэж үзэж байна.


NEW HIPPIE 

1960-аад оны хиппи урсгалын шинэчилсэн хувилбар дизайны ертөнцөд ийм өнгө төрхтэй эргэн иржээ. Оюун санаа, сүнслэг ахуйн илэрхийлэл контемпорари өнгө аястай хоршсон гэж хэлж болохуйц шинэ хиппи дизайныг Нью Йоркийн алдарт PARK Lane зочид буудлын брэнд хэрхэн ашигласныг харж болно. Хиппи соёлыг санагдуулахуйц энэхүү трэнд дизайны бүх салбарт түгээмэл болж, 70-аад оны этгээд чамин өнгө, хээнүүд интерьер дизайн, хувцас дизайн, сав баглаа боодлын дизайнд хүчтэй орж ирээд, одоо график дизайнд нөлөөлж эхэллээ. Өнгөний палеттийн хувьд ууссан, зоримог өнгөөр тоглож, пастел өнгүүдийг хэрэглээнээс түрж гаргах шинжтэй байна. Тухтай бүсээсээ гарч, өөрчлөлт хийж үзэхийг хүсэж буй дизайнерууд болон захиалагчдын заавал турших шийдэл.


UKIYO-E FLAT DESIGN 

Дизайнерууд хавтгай вектор дээрх дизайны ажлыг хэрхэн дижитал стандартад нийцүүлж, сайн гүйцэтгэх арга замыг байнга эрэлхийлж ирсэн. Харин сүүлийн үед Японы эрт үеийн урлагийн төрөл болох Укиё-Э стилээс санаа авч, бүтээлүүдээ хөгжүүлсэн нь трэнд болж байна. Энэ төрлийн алдарт бүтээл “Канагавагийн их давалгаа” бүтээлийг жишээ болгон үзвэл хязгаарлагдмал үзэгдэх орчныг огцом тод контуртай дүрслэл, ижил туяатай өнгөнүүд ашиглах техникээр бүтээсэн нь өнөөгийн хавтгай вектор дээр ажилладаг дизайнеруудын арга барилтай нийцэхээр.[MOU3] 300 гаруй жилийн турш уран бүтээлчид энэхүү аргыг ашиглан, газар орны зургаас авахуулаад хүмүүс, үлгэр домгийн үзэгдлүүдийг хүртэл хавтгай дизайнаар дүрсэлж ирсэн. Ялангуяа амьдралын өдөр тутмын үзэгдлүүдийг багахан хэтрүүлэгтэй нүүрний хувирал, биеийн хэлэмж, дүрслэлээр илэрхийлдэг нь орчин цагийн уран бүтээлчдийн хавтгай дизайныг хэтрүүлэгтэй эффектээр чимдэгтэй ижил юм.